Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 ДӨРВӨН ТЭРБУМ ГЭДЭГ БОЛ ХҮРЭЛЦЭЭ МУУТАЙ Л ТӨСӨВ – Songuuli

ДӨРВӨН ТЭРБУМ ГЭДЭГ БОЛ ХҮРЭЛЦЭЭ МУУТАЙ Л ТӨСӨВ

Улсын хэмжээнд ирцийн мэдээлэл нэг л байна. Хэсэг, салбар, нутаг дэвсгэрийн хороон дээр ирцийн дүнг гаргахгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цэгцлэх ажлын явц ямар байгаа вэ?

 

Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө гаргах ёстой. Сонгогчдын нэрсийг тулгах ажлыг хэсгийн хороод хийгээд дуусч байгаа. Сонгогчдод ирэх сарын 9-нөөс өмнө нэрийн жагсаалттай танилцах боломж олгоно. Санал хураалт эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдод ийм боломж олгохоор хуульчилсан. Харин амралт, сувиллын газруудад санал хураах өдрөөс 7 хоногийн өмнө уг жагсаалтыг олон нийтэд ил тод танилцуулдаг юм.

 

Төрийн албан хаагчдыг сонгуулийн кампанит ажилд оролцохыг хориглосон. Таны хувьд хууль зөрчсөн үйлдэл ажиглагдав уу?

 

Сонгуулийн Ерөнхий Хороонд энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээлэл одоохондоо алга. Иймэрхүү санал, гомдлыг ихэвчлэн хэсгийн хороодод тавина. Хэсгийн хороо асуудлыг шийдэхгүй бол салбар болон нутаг дэвсгэрийн хороонд мэдүүлэх ёстой.

 

Орон нутгийн 2008 оны сонгуулийг сонгогчдын ирц бүрдээгүйн улмаас дахин явуулсан. Эл байдлыг давтуулахгүйн тулд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч байна вэ?

 

Сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцож, ирц сайтай байлгахын тулд иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт арга зүйн зөвлөмж, чиглэл хүргүүлж, төв, орон нутгийн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгуулах, тэднийг хаягийн бүртгэлд бүрэн хамруулах сарын ажлыг өнгөрсөн сарын 20-ноос эхлүүллээ. Сонгогчийн иргэний үнэмлэх дээрх оршин суугаа газрын хаяг одоогийнхтой нь тохирч буйг шалгаж байгаа. Мөн хаяж, үрэгдүүлсэн бичиг баримтыг дахин олгож эхэлсэн. Бид шилжилт хөдөлгөөн, хаягийн бүртгэлд ихээхэн анхаарч илэрсэн зөрчлийг арилгуулж байна. Улсын бүртгэлийн газрынхны мэдээлснээр дээрх арга хэмжээнд 670 гаруй мянган өрхийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, 2.6 сая иргэний 93 хувь нь бүртгэлд хамрагдсан гэсэн үг.

 

Бичиг баримтын хичнээн зөрчил илрүүлсэн бэ?

           

Нийт 70000 гаруй зөрчил илрүүллээ. Зөрчлийг арилгах явц 53 хувьтай байна. Сонгуулийн санал хураалтаас өмнө бичиг баримтын зөрчлүүдийг арилгавал сонгогчдын ирц ч сайн байна гэж бид үзэж байгаа. Нийслэл, дүүргийн иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагууд 7 хоног бүрийн Бямба гарагт ажиллаж байна. Аймгуудад ч мөн ялгаагүй.

 

Сонгогчдын сонгуульд оролцох идэвхи ямар байна вэ? Судалж үзэв үү?

 

Сонгуулийн Ерөнхий Хороо Азийн сантай хамтран сонгогчдын дунд судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь “Саналаа өгнө” гэсэн хариултыг өгсөн байна лээ. Иймд ирц гайгүй байх болов уу. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд улсын хэмжээнд ирцийн мэдээлэл нэг л байна. Хэсэг, салбар, нутаг дэвсгэрийн хороон дээр ирцийн дүнг гаргахгүй. Монголын нийт сонгогчийн хэдэн хувь нь сонгуульд саналаа өгч вэ гэдгээр л ирцийг тодорхойлно.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд “Их, дээд сургуулиудын оюутнуудыг сонгуулиас өмнө амраахгүй” гэж мэдэгдсэн. Орон нутгаас ирсэн оюутнуудыг санал хураалтад хэрхэн хамруулах вэ?

 

Бид үүнийг анхааралдаа авч, хурлаар хэлэлцсэн. Маргаашийн хуралдаанаар дахин хэлэлцэнэ. СЕХ-оос саяхан “Оюутнуудын бичиг баримтын зөрчлийг арилгуулах, тэднийг эрт амраах тухайд байр сууриа илэрхийлээч” гэж Ё.Отгонбаяр сайдад албан тоот явуулсан юм. Тус яамнаас “Оюутнуудыг энэ жил эрт амраах тухай асуудал байхгүй. Их, дээд сургуулиуд хуваарийн дагуу хичээллэж, шалгалт, шүүлгээ аваад завсарлана” гэсэн хариу өгсөн. Оюутнуудыг санал хураалтад оролцуулах, сонгогчийнх нь эрхийг эдлүүлэх үүднээс бид уг асуудлыг дахин ярилцана. Тэднийг оршин суугаа газарт нь бүртгэж, нэрийн жагсаалтад оруулан харъяа хороодод нь санал өгүүлэх тухай ярьж байгаа. Ийм тохиолдолд тухайн оюутныг орон нутгийнх нь сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулна. Улсын Дээд шүүхээс 2009 онд гаргасан 10 дугаар тогтоолын 5, 2008 онд гаргасан 16 дугаар тогтоолын 3-т “Бүртгэлтэй газраасаа өөр газарт оршин суугаа иргэн байнга оршин суух бүртгэлийнхээ хаягаар сонгуульд оролцох, эсвэл огт бүртгэлгүй газар түр оршин суугаагийн хувьд сонгуульд оролцох эсэх нь түүний эрх бөгөөд сонгуулийн хэсгийн хороо, нэрийн жагсаалтад бүртгүүлэх нь түүний үүрэг” гэж заасан. Дээд шүүхийн тайлбар ийм ойлгомжтой. Сонгогчдын нэрийн жагсаалтад давхар бүртгэлгүй байх нь л тухайн иргэний үүрэг юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар УИХ шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар, үүнээс хичнээн хувийг нь зарцуулаад байна вэ?

 

4 тэрбум гэдэг бол хэрэгцээ муутай л төсөв. Орон нутагт зарцуулах зардлыг батлагдсан хөрөнгөөс хуваарилж байна. Хэсгийн хороодын ажилтнуудад олгох урамшууллын мөнгийг 4 тэрбумаас гаргаж байгаа. Бид зардлаа танаж, танасан зардлаасаа ажилтнуудын ажлын хөлсөнд зарцуулж байгаа. Эхлээд бид нэг ажилтанд олгох урамшууллыг 40000 төгрөгөөр тооцож байснаа 80000 болгосон. Дээр нь танасан зардлаа нэмэрлэхээр 90000 төгрөг болгох бололцоо олдож байна. Мөн хоолны мөнгө болох 15000 төгрөгийг ажилтнууддаа бодож өгнө. Эндээс үзвэл 1 ажилтанд 100000 гаруй төгрөгийн урамшуулал олгох бололцоотой. Төсөв, мөнгөний хуваарилалтыг ирэх сарын 1-нээс өмнө хийнэ. Сонгуулийн зардлын бараг 50 хувь нь ажлын хөлсөнд явчихаж байгаа юм шүү дээ.

 

Улсын хэмжээнд хичнээн хүн албан ёсоор ажиллаж байгаа вэ?

 

Нийтдээ 18 мянга 365 хүн ажиллаж байна.

 

“Бор шувуу” нэртэй хар PR-ийн сонин МАХН, Ардчилсан Намынхны дунд хэрүүлийн алим тариад байна. Намуудаас танайд гомдол ирүүлсэн үү?

 

Үгүй.

“Монголын мэдээ” сонин. 2009.04.30, №86. С.Тулга

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн