МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АНХАН ШАТНЫ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТУХАЙ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭНГИЙН ИЛТГЭЛ (2013 ОН)

Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ! Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг аймаг, нийслэлийн хэмжээнд 6 дугаар сарын 25, 26-нд, гадаад улсад 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 66.50 хувь нь буюу 1.239.784 сонгогч саналаа өглөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо зохион байгуулж, тэдгээрт 15863 төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллалаа.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 баг, 2271 мэдээллийн технологийн даамал, 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллав. Мөн цагдаагийн 2673 алба хаагч болон тагнуулын байгууллагын ажилтнууд сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажилласан болно. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2012 оны 69 дүгээр тогтоолд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж, 3754 бүртгэлийн техник хэрэгсэлийг шалган туршиж, баталгаажуулсан болно.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн