Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА – Songuuli

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа

Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах туршлага олон улсад байдаг. Цоо шинэ зүйлийг бид сэдэж, гаргаж ирээд байгаа юм биш. Асуудлыг дэмждэг ч газар байна, хүлээн зөвшөөрдөггүй газар ч бас байдаг. Монгол Улсын хувьд сонгуулийн үйл ажиллагааг гараар хийж, цаасан дээр саналаа тэмдэглэж ирсэн. УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн үйл ажиллагааны зарим хэсгийг нь автоматжуулах туршилт хийсэн юм. Сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээллийг компьютерт оруулж, түүнийг ашиглан сонгогчийн бүртгэл, хяналтыг хийсэн юм. Энэ ажлын дүнд бид сонгуулийн үйл явцыг бүрэн автоматжуулах боломжтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Учир нь автоматжуулснаараа сонгуулийн үйл ажиллагаа цагтаа эхэлж цагтаа дуусах, хэн нэгэн хүний нөлөөлөлгүйгээр үйл ажиллагааг явуулах боломж нээгдсэн. Мөн хүний гар ажиллагааг их хэмнэсэн байдаг. Гараар үйлдэж буй зүйл дээр алдаа гарч болно. Харин сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулбал ямар нэгэн алдаа гарахгүй шүү дээ. Аливаа зүйлийг заасан цаг хугацаанд нь хийж, хүний үйл ажиллагааг хөнгөвчилж болдог юм байна гэсэн эерэг сэтгэлгээг олон түмэн, сонгогчдод төрүүлсэн. Тиймээс сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах хэрэгтэй гэсэн уур амьсгал нийгэмд бий болоод байгаа.

Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад хэдий хэр хугацаа зарцуулах вэ. Ингэснээрээ сонгуулийн луйврыг таслан зогсоох боломж хэр нэмэгдэх бол?

Сонгуулийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд судалгаа хийж дүнгээ танилцуулсан байдаг. Энэ дүнг харахад ч гэсэн сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулсны ашиг тус байна гэдэг нь мэдрэгддэг. Тухайлбал хүний субектив үйл ажиллагааг хааж өгдөг юм байна. Элдэв янзын булхайг хаах боломжтой юм байна гэдгийг дүгнэсэн байдаг. Автоматжуулах асуудал их нарийн чимхлүүр ажиллагааг шаарддаг юм байна. Автоматжуулахад их нухацтай хандах ёстой. Сонгуулийг автоматжуулах техник хэрэгсэл бий болгосон ч сонгуульдаа ашиглах бэлтгэлийг хангахад олон жил зарцуулж байгаа орон ч байна, сонгуулийг автоматжуулах хууль гаргасан ч түүнийгээ хэрэгжүүлээгүй орон ч байна.

2011 оны төсөвт 24 тэрбум төгрөгийг төсөвлөж сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах үүргийг өгөөд байгаа. Мөнгө нь бэлэн байхад яагаад ажил хийгдэхгүй байна вэ?

Санал хураах төхөөрөмж, программ хангамж авахад зориулж 24 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгаад байгаа. Үүнийг бид 2012 оны сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулах зорилготой хөрөнгө оруулалт хийгдэж гэж ойлгож байгаа. Тийм учраас сонгогчдын бүртгэл, хяналт, санал авах, тоолох ажлыг бүрэн автоматжуулах зорилго тавьж байна. Сангийн яамны баталсан хуваариар энэ оны эхний хагаст л эхний зургаан тэрбум төгрөг нь манай дансанд орж ирэх юм. Энэ худалдан авалтыг хийхээсээ өмнө олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад хууль гаргах хэрэгтэй байдаг юм байна. Нэг ёсондоо автоматжуулалтыг хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлнэ гэсэн үг. Олон улсын туршлагыг харахад ч тэр хууль гаргасныхаа дараа сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулсан байдаг юм байна. Тийм учраас “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” хуулийн төслийг боловсруулж 2010 оны 12 дугаар сард УИХ-д хүргүүлсэн юм. Энэ хуулийн төсөл ойрын үед өргөн баригдах гэж байна. Мөн автоматжуулахын тулд түүнийг хийх мэдлэг чадвартай хүмүүсийг бэлдэж, сургах хэрэг гарна. Нэмж хэлэхэд хоёр гурван компьютер авчраад энэ асуудлыг шийдчихгүй. Автоматжуулалтын тоног төхөөрөмжийг тусгайлсан байранд хадгалж, түүнд мэдээллийн сангаа оруулж ажиллагааг нь шалган нягталж сонгуулийн ажилд ашиглахад бэлэн болгоно. Тэрнээс гадна сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах техник хэрэгслүүдээ ашиглах боломжтой гэдгийг туршиж, шалгаж байж сертификат, гэрчилгээ олгодог юм байна. Ийм олон ажлуудыг хийж байж хэрэглэдэг юм байна.

Танай байууллага Сонгуулийн хууль батлагдахыг хүлээж байгаа гэсэн. Тэгэхээр энэ автоматжуулалтыг хийхэд сонгуулийн хувилбар хамаарах уу. Тухайлбал холимог хувилбар дэмжигдвэл ямар техник хэрэгслээр яаж явуулах вэ?

Техник хэрэгслийг сонгох ажлыг Сонгуулийн хуультай уялдуулах шаардлагатай. Сонгуулийн тухай хуулиар автоматжуулахтай холбоотой харилцааг журамлана шүү дээ. Харин сонгуулийн хувилбар ямар байхаас хамаарч автоматжуулах эсэхийг ярина гэж ойлгож байвал буруу. Холимог хувилбарч бай, мажоритар хувилбар ч байсан автоматжуулж болно. Гагцхүү саналын хуудас ямар байхаас хамаарч автоматжуулах технологийн шийдлийг гаргах шаардлагатай. Гэхдээ саналын хуудсанд хэт олон хүний нэр бичигдэр болбол саналын хуудсыг хэвлүүлэх, тээвэрлэж хүргэхээс өгсүүлээд сонгогч сонголтоо хийхэд хүндрэл гарна гэдгийг хууль тогтоогчид маань эрхбиш бодолцох байх.

Сонгуулийн Ерөнхий Хороо хийх шаардлагатай ажлуудаа хийгээгүй байна гэсэн яриа гараад байна?

Санал авах, тоолох техник авна гэдэг нь зүгээр л нэг тендер зарлаад ширээ сандал авахтай ижилгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо ажлаа мэдэхгүй, хийхгүй байгаа юм биш. Зарим хэвлэлээр тийм өнгө аястай мэдээллүүд цацагдсан. Бид одоо байгаа хууль, эрхзүйн орчинд тохируулан хийх ёстой, хийх боломжтой ажлуудыг хийсээр л байна. Тухайлбал 2012 оны сонгуульд хичнээн хэсэг байх юм. Нэг хэсэгт хэдэн сонгогч байх юм. Энэ хэсгүүдэд сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах нөхцөл бололцоо байгаа юм уу гэсэн судалгаануудыг хийж байна. Зарим суманд л гэхэд интернэт ороогүй байдаг. Гар утасны сүлжээнд хамрагдаагүй хэсэг байна. Судалгааг хийсний дараа ямар хэсгийг яаж автоматжуулах вэ, ямар техник хэрэгсэл сонгох вэ гэдэг асуудал яригдана. Сонгуулийг автоматжуулах тоног төхөөрөмжөө нэлээд хэдэн компани танилцуулж байгаа. Тэдгээртэй УИХ-ын гишүүд ч, сэтгүүлч Та бүхэн ч танилцсан. Одоохондоо тэр компанийн тэр техник сайн гэж хэлэхэд хэцүү. Техник хэрэгслүүдийг хэрэглэж үзэж байж сайн мууг нь мэдэх боломжтой. Тэгэхээр турших шаардлага гарна. Зарим туршилтыг ч хийсэн.

Энэ өөрчлөлтийг хийх цаг хугацаа хэр үлдсэн бэ?

Цаг хугацааны хувьд нэлээд тулгуу болж байна. Гэхдээ автоматжуулалтыг хэрэгжүүлнэ л гэж Сонгуулийн Ерөнхий Хороо ажиллаж байна. Улсын Их Хурал сонгуулийн тогтолцоог эртхэн шийдчихвэл бидэнд хэрэгтэй байна. Зарчмын шинжтэй зарим асуудлаар УИХ-аас тогтоол гаргаж өгөөч гэж бид тогтоолын төсөл бэлдэж УИХ-д хүргүүлсэн.

Л.Мөнхтөр. Өдрийн сонин. 2011.05.27

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн