Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ сарын 18-нд тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Түүнийг тангараг өргөмөгц УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулна. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг хэзээ тогтоох вэ?
Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж УИХ-д нэг гишүүний ор гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нөхөн сонгууль зарлах ёстой. Хуулийн дагуу нөхөн сонгуулийн товыг УИХ тогтоож өгөх бөгөөд үүнээс хойш СЕХ-ны ажил эхэлнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бол нөхөн сонгууль зарласнаас хойш 30 хоногийн дотор санал хураалт явуулдаг.
Нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тооцсон уу? Хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна вэ?
Улсын Их Хурал нөхөн сонгуулийн товыг тогтоож өгөхийн зэрэгцээ зардлын хэмжээг баталж өгнө. СЕХ-ны хувьд баталж өгсөн төсвийн хүрээнд л нөхөн сонгууль явуулна шүү дээ.
Нэр дэвшүүлэх асуудал нээлттэй биз дээ? Өмнө нь энэ тойрогт нэр дэвшиж байсан хүмүүс дахин нэрээ дэвшүүлж болох уу?
Нам, эвсэл, бие даагч гээд хуулийн насанд хүрсэн хүн болгон нэрээ дэвшүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсон хүмүүс ч дахин өрсөлдөх эрх нээлттэй юм.
“Үндэсний шуудан” сонин. 2009.06.15,№141. Ч.Ган