П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалт тусгах талаар улс намуудын төлөөллүүдтэй Сонгуулийн ерөнхий хорооноос хэлэлцүүлэг хийлээ.

        Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран  хуулийн төсөлд жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтыг хэрхэн тусгах талаар илтгэл танилцуулсан.

Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батласан. Үүнтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Үүний нэг нь өнөөдрийн ярьж байгаа Жендэрийн тухай хууль юм. Жендэрийн үндэсний хороо улс төрийн намуудаас жендэрийн талаарх тайлан авна. Уг тайлан тайлангаа нэгтгээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.  Сонгуулийн хороо тайланг хүлээн аваад зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Хуульд ийм зохицуулалт орсон. Улс төрийн намын тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бид Улс төрийн намыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

            Ирэх 2024 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжилт сонгууль болно. Ээлжит сонгуулиар парламентын гишүүдийн тоог 126 болгосон. 126 гишүүн сонгох сонгуулийн ажил дуусна.  Сонгууль дуусаад төрөөс үзүүлэх шууд ба шууд бус дэмжлэгийг төлөвлөх, төсөвлөх ажлыг хийнэ. Улс 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс  шууд үзүүлэх дэмжлэгийг шууд болон шууд бус гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Сонгуулийн боловсрол сэтгүүлд хэвлэн олон нийтэд танилцуулж байна.

Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт жендэрийн асуудлыг тусгасан онцлог хууль болсон.  Улсын парламентуудад  эмэгтэйчүүдийн эзэлдэг хувв дэлхийд болон манайд ямар байгаа талаар танилцуулъя. Дэлхийн парламентын судалгааны байгууллагаас гаргасан мэдээллээр 187 улсын парламентын танхимд сууж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувийг дэлхийн хэмжээнд болон бүс нутгаар нь гаргасан судалгаа байна. Үүнээс парламентын танхимд сууж байгаа нийт гишүүдийн 50 хувьд хүрэх эмэгтэйчүүд сууж байгаа танхим нь Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг улсууд байна. Монгол Улсын хувьд 17.1 хувийг эзэлдэг. Дэлхийн дундаж нь 26.1 хувь байгаа юм. Тэгэхээр манай улс дэлхийн дунджаас 9.4 хуиар доогуур үнэлгээтэй байгаа юм. Харин Ази тивд 17.1 хувь бол дундаж үзүүлэлтээ бариад явж байна.

        УИХ-д нэр дэвшиж байсан үзүүлэлтийг харахад 1992 оноос хойш найман удаагийн УИХ-ын сонгуулийг явуулсан. 1992 онд 293 хүн нэр дэвшиж байсан түүнээс дөрөв нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Үүнээс гурван хүн буюу 75 хувь нь сонгогдсон байна. 2020 онд 606 хүн нэр дэвшнээс  151 эмэгтэй нэр дэвшигчээс 13 хүн сонгогдоод 17.1 хувь болсон. Нэр дэвшигчдийн тоо өссөн ч, сонгогдсон хувь нь бага байгаа юм. Үүнээс онцолж үзэх нь 2012 он.  Өөрөөр хэлбэл, тухайн үед хосолмол тогтолцоогоор сонгууль явуулсан. 544 хүн нэр дэвшснээс 174 нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Үүнээс 11 нь сонгогдож байсан түүх байгаа юм. 2024 нэр дэвшигчдийн мандатын  тоо нэмэгдсэн. 76 байснаас 126 болж нэмэгдсэн, Тиймээс нэр дэвших эмэгтэй улстөрчидийн тоо нэмэгдэх байх.

Аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн тоо ямар байдаг талаарх тоон үзүүлэлтийг танилцуулахад эмэгтэй нэр дэвшигч нь  аймаг, нийслэлд бага байна. Харин сум, дүүрэгт сонгогдох нь их байна. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад эмэгтэй нэр дэвшигчийн тоо сум, дүүрэгт  28.5 хувь, аймаг, нийслэлд 15.7 хувь байгаа юм.

Цаашдаа 2030 он гэхэд эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 50 хувьд хүргэхээр зорилт тавиад байна.  Үүнээс үзэхэд орон нутгийн хэмжээнд энэ тоо өсөх боломжтой гэж үзэж байгаа юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд жендэрийн асуудлыг тусгасан.  2024 оны сонгуульд намын 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч заавал байхаар хуульчилсан. Тэгвэл 2028 оны сонгуульд 40 хувь болгож дээшлүүлэх юм. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд нэр дэвшигчээс дэнчин, барьцаа авах хуулийн зохицуулалт хийсэн. Энэ бол эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу нэр дэвшигчдэд дэмжлэг болно. Цаашид Жендэрийн үндэсний хороо улс төрийн намын хорооноос тайлангаа авч үзнэ.Үүний дараа мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тайлангаар хуулинд заасан заалт мөрдөгдөөгүй бол зөрчлийг арилгах арга хэмжээг сонгуулийн төв хороо авна. Намуудтайгаа хамтарч ажиллана гэсэн үг. Бүүр болохгүй бол намд үзүүлсэн санхүүжүүлэлтийг зогсоох арга хэмжээ авах заалт орсон. Нам болгон бодлогын судалгааны хуультай байхыг хуульчилж өгсөн.

Намууд өөрийн намын шинж чанарыг илэрхийлсэн хөтөлбөртэй байх бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үүнийг тусгасан байх ёстой. Цаашдаа хуулийн хэрэгжилтийн арга зүйн зөвлөгөөг хамтарч зохион байгуулах  төлөвлөгөөтэй байна” гэв.

10 comments

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн