“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021.01.19—ний өдрийн цахим хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулга хийсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байхаар тусгажээ. Түүнчлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрөхөөр” тусгажээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн