СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭНГИЙН ИЛТГЭЛ (2017 он)

2017.07.09

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Ноёд, хатагтай нараа!

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах төв болон салбар 46 комисс, 1983 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэрэг 5000 гаруй хүн сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллалаа.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо судалгааг Үндэсний аудитын газар хянаж хуулийн хугацаанд дүгнэлт гаргалаа.

Мөн цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажилласан болно. 2 Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хуулийн дагуу ил тод, шударга, шуурхай зохион байгуулахад хүчин зүтгэл гарган ажилласан бүх хүмүүст Сонгуулийн Ерөнхий Хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа.

Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгсэлийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосон болно.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хуваарь гарган баталж, сонгуулийн хороод, Төв болон салбар комисс, Мэдээллийн технологийн баг, даамлын сургалтыг аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд зохион байгуулж ажиллалаа. Бүх шатны сонгуулийн хороод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны дэмжлэг туслалцааг авч ажиллалаа.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлан таниулах сурталчилгааг тогтмол явуулж, сонгуулийн хуулийн талаар цуврал нэвтрүүлэг хийж, сонгогчийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан урилгыг нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдод хүргэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонин хэвлэл, радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид иргэд сонгогчдыг сонгох эрхээ эдлэх, сонгуульд идэвхтэй оролцуулахыг уриалах, сурталчлах, сонгуулийн дүн мэдээг нийтэд мэдээлэх үүргээ нэр төртэй биелүүлснийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо талархан тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллалаа. Тухайлбал, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Европын Парламент, Европын аюулгүй 3 байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба зэрэг олон улсын байгууллагуудын болон АНУ, Канад, ОХУ, БНКирУ, БНСУ, Япон зэрэг 37 улс орны ажиглагчид болон сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 17947 ажиглагч бүртгүүлж, санал авах байруудад ажиллалаа.

Гадаад, дотоодын 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжилж мэдээлэв. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, нийт санал авах байрууд болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын Дээд шүүх, Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн сайн ажилласан гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангахад Улсын Их Хурал, Засгийн Газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани, үүрэн телефоны компаниуд, Аэро Монголиа компани, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Төр, засгийн үйлчилгээний автобааз, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар, МИДАС төрийн бус байгууллага, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж, туслалцаа үзүүлж ажилласныг зориуд тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын Нам – Миеэгомбын Энхболдыг, Ардчилсан Нам – Халтмаагийн Баттулгыг, Монгол Ардын Хувьсгалт Нам – Сайнхүүгийн Ганбаатарыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснийг Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 5 дугаар сарын 14, 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж нэр дэвшигчээр бүртгэсэн тухай шийдвэр гаргаж 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь 4 гардуулсан болно.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах сурталчилгааг хуулийн хугацаанд зохион байгууллаа. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 68.27 хувь нь буюу 1 сая 357 мянга 788 сонгогч оролцож саналаа өгсөн. Саналаа өгсөн нийт сонгогчдоос Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 517 мянга 478 санал буюу 38.11 хувь, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 411 мянга 748 санал буюу 30.32 хувь, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409 мянга 899 санал буюу 30.19 хувийн санал авч нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Үндсэн Хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж 43 дугаар тогтоолоороо дараах шийдвэрийг гаргасан болно.

Үүнд:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр явуулахаар, 2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явуулахаар, 3. Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар тус тус шийдвэрлэсэн. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтанд нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 60.67 хувь нь буюу 1 сая 207 мянга 787 сонгогч оролцож саналаа өглөө.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэхэд Ардчилсан Намаас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга 611 мянга 226 сонгогчийн санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.61 хувийн, Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд 497 мянга 67 сонгогчийн санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.16 хувийн санал авсан дүн гарлаа. 5 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэхүү шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өргөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 5-д заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн