СОНГУУЛИЙН ХОРООД “СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороод амралтын өдрүүдэд “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулж байна.

Сонгуулийн хууль, тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг сонгогчдод хүргэх, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж, сонгогчдод үйлчилж байгаа юм.

Ялалтын талбайд Сонгуулийн ерөнхий хороо санал авах загвар гэр тохижуулан иргэд, сонгогчдод саналын хуудас тэмдэглэх талаар зааварчилж, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулж байна. Түүнчлэн сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх танилцуулга, ном товхимлоор үйлчилж байна.

“Сонгогчийн өдөрлөг”-ийн үеэр иргэд санал тоолох төхөөрөмжид эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байв. Харин саналын хуудас хэрхэн бөглөх талаарх зааварчилгааг иргэдэд маш сайн танилцуулах шаардлагатайг хэлж байв.

Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо “Сонгогчийн өдөрлөг”-ийг ирэх амралтын өдрүүдэд мөн зохион байгуулна.

Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.

Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

1 comment

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн