НАМ, ЭВСЭЛД ОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Төрийн санхүүжилтийн хэмжээ тогтоох тухай” 203 тоот тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Дээрх хуульд нам, эвсэлд төрийн санхүүжилтийг 2 төрлөөр олгохоор заасан. Үүнд:

      1. Жил бүр олгох санхүүжилт:

Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.”, 27.5-т “Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно:” гэж тус тус хуульчилсан.

Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/

“Н” гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;

“С1” гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;

“С2” гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;

“Т1” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;

“Т2” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг.

  1. Дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилт:

Хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-т ”Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно.” гэж заасан.

Дээрх 2 тооцооллын дагуу нам, эвсэлд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөж тооцсон. Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгоно.

Нам, эвсэлд сонгуулийн дараах жилд олгохоор төлөвлөж буй төрийн санхүүжилтийн мэдээллийг хүснэгтээр үзүүллээ.

315 comments

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн