Сонгуулийн ерөнхий хороо

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 6 дугаар сарын 20-23-ны өдрийг дуустал санал авах ажиллагаа явагдана.

Гадаад улсад байгаа иргэн 2024 оны 6 сарын 15-ны өдрөөс өмнө Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар

Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.

Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.

САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА

Салбар комиссын бүрэлдэхүүн гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагт ажиглагч, эсхүл сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл хөтөлнө:

  • Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;
  • Хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
  • Саналын хуудасны нэгдсэн дугаар.

Салбар комисс санал авахын өмнөх ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлнэ.

Сонгогч саналаа өгөхөөр очихдоо Монгол Улсын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, эсхүл ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТОО авч очно.

Салбар комиссын зохион байгуулагч сонгогчийн баримт бичгийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.

Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

Гадаад улсад байгаа иргэд санал өгөх

Сонгогч та саналаа өгөхөөр очихдоо ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ эсхүл ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТАА заавал авч очоорой.

Гадаад улсад байгаа сонгогч Та саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.

Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа дугтуйд хийн битүүмжилж саналын хайрцагт хийгээрэй.

Хэрэв саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, эсхүл буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа битүүмжлэн саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа салбар комисст мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.

Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох

Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ.

Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ:

  • Төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
  • Санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох;
  • Битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох.

Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох, дүн дамжуулах ажиллагааг явуулахад тухайн салбар комисст санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно.

408 comments

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн