Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 Б.УНДРАЛ: СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮД СОНГУУЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГ БОЛСОН – Songuuli

Б.УНДРАЛ: СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮД СОНГУУЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГ БОЛСОН

       Хариуцлагатай сонгогч хөтөлбөрийн Баянгол дүүрэг дэх сургагч багш Б.Ундрал, Дорноговь аймаг дахь сургагч багш Э.Ганбаатар нартай ярилцлаа.

           Сургалт амжилттай болж өндөрлөв үү? Сэтгэгдлээсээ хуваалцаач.

    Б.Ундрал: Би багадаа багш болохыг нууцхан мөрөөддөг байсан. Мөрөөдөл маань сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцох “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургагч багш болон биеллээ олж, сургалтаа хоёр дахь удаагаа амжилттай явуулсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Энэ удаагийн сургалтыг өмнө нь цөөнгүй удаа сургалт явуулж байсан сургагч багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд миний хувьд туршлага хуримтлуулсан үр өгөөжтэй сайхан сургалт болж өндөрлөлөө. Бидний сургалт, танилцуулга мэдээллийг хүүхдүүд маш идэвхтэй хүлээн авч байсан нь өмнөх сургалтад хэчнээн хамрагдахыг хүссэн ч нас нь хүрээгүй гээд хамрагдаагүй, уг сургалтад оролцохыг тэсэн ядан хүлээсэн олон сурагч  байсныг харахад урамтай сайхан байлаа.

Сургагч багш нар бид өмнө явуулсан сургалтын арга барил, туршлага дээрээ тулгуурлахаас гадна шинээр батлагдсан сонгуулийн хууль тогтоомжуудад орсон онцлог зохицуулалтууд, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дагаж мөрдөх дүрэм журмын шинэчлэл, мөн үндсэн хичээлүүдээр өгөх мэдээллийг хялбаршуулсан байдлаар сургалтыг явуулсан бөгөөд миний хувьд энэ удаагийн сургалтаас олон шинэ зүйлсийг сурагчид болон хамтран ажилласан сургагч багш нараасаа олж харж, сурч мэдсэн.

Энэ дашрамд сургагч багш биднийг үргэлж бүх талаар дэмжин шинэ мэдээ мэдээллээр хангаж, арга зүйн заавар, зөвлөгөө өгдөг Сонгуулийн Ерөнхий хорооны хамт олон болон сургалт явуулах таатай орчныг бүрдүүлсэн “Монгени цогцолбор” сургуулийн удирдлага, нийт багш ажилчдад гүн талархснаа илэрхийлье.

  • Хүүхдүүдийн хандлага ямар байна? Сургалт эхлэх, дуусах үеийг харьцуулахад хүүхдүүд хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

      Б.Ундрал: Сургалт эхлэх үеийн сурагчдаас ажиглагдсан нийтлэг нэгэн жишээг дурдахад,  “сургуулиа төгсөөд гадаад хэлний шалгалт өгч гадаад явж сурах учир сонгууль нэг их чухал биш, энэ сургалт элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд л тус нэмэр болно, ямар ч хүн улс төрд гарсан бүгд адилхан” гэж аав маань хэлсэн гэх мэт сурагчдын хоорондын яриа, хандлагууд ажиглагдсан. Мөн сургалтыг эхлэх үед зарим сурагч  цахим холбоосоор авсан улстөрчдийн шүүлтүүргүй мэдээллийг ярьж, сонгуулийг юу гэж боддог вэ гэсэн асуултад ихэнх сурагч ямар нэгэн нам, эвсэл гэсэн ойлголтоор хариулж байсан. Үүнээс харахад залуу үе маань гадаад улсыг зорих чин хүсэл эрмэлзэлтэй болсон төдийгүй улс төр болон сонгуулийг нэг их сонирхдоггүй, цахим сүлжээний мэдээллээс хараат, эцэг, эхийн нөлөөнд хэт автдаг зэргээс харахад залуу сонгогчдын сонгуулийн боловсрол тааруу байгаа нь анзаарагдаж байлаа. Харин сургалт дуусах үед манай сургалтад оролцогч хүүхдүүд хамтрагч багшаас маань нэмэлт давтлага авах, цаашид сонгуульд оролцох ангийн болон үеийн сонгогч найз нөхөд, хамаатны ах, эгчийгээ хүртэл сургалтад хамруулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн төдийгүй ялангуяа уг сургалтын агуулгыг ЕБС-ийн хөтөлбөрт нэмж, бүх нийтээр хамруулах саналтай байсан.

      Сургалтын эхний өдрийн хичээлүүдээс хүүхдүүдэд юу ойлгож авснаа чөлөөтэй илэрхийлэх нэмэлт даалгавар өгөхөд оролцогч хүүхдүүд маань сургалтаас олж мэдсэн зүйлээ бүтээлч сэтгэлгээгээр гар зургаар гайхалтай илэрхийлсэн байсан. Манай ангийн нэгэн оролцогч сурагч маань хичээлийн төгсгөлд та ч бас залуу үеийн төлөөлөл шүү, энэ сургалтаа илүү олон сурагчид хүргээрэй гэж намайг зурсан зургаа өгсөн. Сургалт эхлэх үе болон дуусах үетэй хүүхдүүдийг харьцуулбал одоо тэд сонгуулийн үнэ цэнийг мэддэг, өөрсдөө идэвхтэйгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан уншиж судалдаг, сонгох, сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай хариуцлагатай сонголт хийх сонгогчид болсон. Сургалтын төгсгөлд өмнө олон сургалт явуулж байсан туршлагатай сургагч багшийн сэтгэгдлийг сонсоход төвийн болон захын сургуулийн сурагчдын хандлага болоод идэвх, оролцоо нь өөр, өөр байгааг ажиглан хэлсэн нь дараагийн удаагийн сургалтыг дүүргийн төв болон захын сургуулийн сурагчдын төлөөллийг оролцуулан явуулах сэдлийг надад төрүүлсэн.

  • Сургалтын явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байна уу?

      Б.Ундрал: Сургалт явагдсан “Монгени цогцолбор” сургуулийн ханан дээр хүн бэрхшээлийг давахын тулд их ядардаг, түүнийг давангуут амжилт болдог гэсэн үгийг байрлуулсан байсан. Хоёр удаагийн сургалтыг явуулсныхаа дараа би энэ үгийн утгыг илүү их ойлгосон. Мөн сургалтын явцад багш гэх мэргэжлийн ажлын онцлог хийгээд тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээлийг илүү их мэдэрсэн гэж хэлж болно. Оролцогчид сэдэвтэй холбоотой багийн ажлыг цагаа барилгүй төлөвлөсөн цагаас удаан хийх, мөн цаашид гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй олон талын янз бүрийн асуулт асуух зэрэг хичээлийн цагт баригдах хүндрэлтэй ихээхэн тулгарч байсан. Түүнчлэн ахлах ангийн сурагч байна гэдэг амьдралынхаа гарааг эхлүүлэх маш хариуцлагатай үе. Яг энэ үедээ тэд ЭЕШ-д бэлдэх, даалгавраа хийх, хичээлээс гадуур сургалт, дамжаанд хамрагдах, гэр орондоо туслах гээд маш их ачаалалтай байдаг. Тиймээс сурагчдыг залхаалгүй олон талын сургалтын арга, барил ашиглаж хичээлийг орох, тухайн сэдэвтэй холбоотой мэдээ, мэдээлэл судалгаа зэргийг маш сайн уншиж судлах, цагаа зөв хуваарилан хичээлээ орно гэдэг тухайн сургагч багшаас нөр их хөдөлмөр авьяас, чадвар шаарддаг юм билээ. Сургалт орж байх үед манай ангийн оролцогч хэдэн хөвгүүд огт анхаарал хандуулахгүй, нэг хүүгийн яриаг их сонсоод л нөгөө хүү маань бусдадаа төвөг удаад, жаахан үймүүлэх аядаад байсан юм. Би тэгэхээр нь тэр хүүг миний орох хичээл дээр чи багш болно шүү бэлдээрэй гэж хэлээд суулгасан. Тэр хүүд тэгж хэлэхэд ангийн бусад үймүүлж байсан сурагчид суудалдаа суучихсан. Дараа нь нөгөө хүүг багш болгоход миний орох модуль хичээлийг цайны цагийн завсарлагаагаар уншиж, судалсан төдийгүй ангийн сурагчид ч түүнээс олон асуулт асууж байсан. Үүнээс би хүүхдүүд ойлгоогүй үлдсэн зүйлээ багшаас асуулгүй өнгөрөх тохиолдол олон гардаг юм байна, харин хүүхэд хүүхдээсээ бол асуугаад л ойлгоод авчихдаг юм байна гэж дүгнэсэн. Тиймээс эвийг нь олж, сурагчийг сурагчаар нь хөгжүүлэх нь үр дүнтэй юм шиг санагдлаа. Мөн багш хүн сурагчаа юун түрүүнд загнахаасаа өмнө жишээ нь хошигносон байдлаар шүүмжилбэл хүлээж авах нь илүү хурдан байсан. Би өөрийгөө энэ удаагийн сургалтаар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан гэхээс илүүтэй өөртөө дүгнэлт хийж, туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Цаашид хариуцлагатай сонгогч залуу үеийг бий болгохын төлөө заах арга барилаа улам илүү чадавхжуулж, илүү олон залууст хүрч, дараагийн сургалтуудаа илүү сонирхолтой шинэлэг байдлаар зааж  ажиллахыг зорьж, хичээх болно.

 

 

У.ГАНБААТАР: СУРГАЛТАД ОРОЛЦОХ ХҮҮХДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

  • Сургалтын талаар сэтгэгдлээсээ хуваалцаач.

      Энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн сургагч багш болж Дорноговийнхоо залуучуудад сургалт, мэдээлэл өгсөндөө баяртай байна.  Энэхүү сургалтыг зохион байгуулснаар оролцогчид сонгуулийн талаар ойлголттой болох, залуу үеийн төлөөлөл нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, сонгуульд идэвхтэй оролцох нь цаашид ямар үр дүн гарах талаар мэдлэг олгох, багаар ажиллах, өөрсдийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй сургалт болсон.

  • Хүүхдүүдийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байна?

      Сургалтын зорилго, зорилтыг танилцуулан оролцогчид өөрсдийн нэр, дууддаг нэр болон хэлэх дуртай үгийг бичиж бусдадаа танилцуулснаар маш сонирхолтой эхлүүлж хүүхдүүдийг багаар ажиллуулах, сэдэлжүүлэх дасгал ажил хийлгэх, лекц болон асуулт, хариултын аргыг ашигласан ба хоолны дараа дасгал хөдөлгөөн хийлгэх, тоглоом тоглуулах зэрэг хөгжилтэй байдлаар зохион байгуулсан. Мөн багаар дасгал ажиллуулах нь сургалтад оролцогчдыг багаар ажиллах чадвар, сэтгэн бодох, илтгэх ур чадварыг нэмэгдүүлсэн нь сургалт эхлэх болон дуусах хүртэл хүүхдүүдэд сонирхолтой байсан.

  • Сургалттай холбоотой ямар шинэ санаачилга хэрэгтэй гэж үзэж байна вэ?

      Цаашдаа хүүхэд залуучуудад уг сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулах, оролцох хүүхдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж санагдсан. Энэхүү сургалтыг зохион байгуулж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа, Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

 

433 comments

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн