ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСЛАА

2024 оны зургадугаар сарын 24. Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирцийн талаар СЕХ-ны Төв комиссоос мэдээлэл өглөө. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Амарсайхан гадаад улсад байгаа сонгогчдын ирцийн талаар өнөөдөр (2024.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Санал авах үйл ажиллагааг Монгол Улсаас хилийн чанадад байгаа бүх Дипломат төлөөлөгчийн газар зохион байгуулсан. Иргэн саналаа өгсөн хуудсаа өөрөө битүүмжлээд комисст өгсөн. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад 6 дугаар сарын 28-ны өдөр тоолно. Өөрөөр хэлбэл, саналыг хуудсыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Тэгэхээр хилийн чанадад байгаа иргэд тэр намд, энэ намд саналаа өгсөн гэх яриа үндэслэлгүй.

Сонгогчдын идэвх, оролцоо сайн байлаа. Сонгуульд оролцох бүртгэлийг цахим болгосон, санал авах өдрийн ажлын 2 өдөр, амралтын 2 өдөр болгосон нь сонгогчийн идэвх, ирцэд сайнаар нөлөөллөө гэж дүгнэж байна. Иргэд маань 500-1000 км явж сонгох эрхээ эдэлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ орууллаа гэж бахархаж байсанд нь талархал илэрхийлье” гэлээ.

Төв комиссын дарга Д.Амарсайхан 2024.06.24-ны өдрийн 14.00 цагт мэдээлэл хийхэд ирц урьдчилсан байдлаар сүлжээгээр ирсэн байсан юм. Сүлжээний технологийн нөхцөл байдлаас шалтгаалж ирцээ ирүүлж амжаагүй улсуудын ирцийг нэгтгэхэд 13095 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээр 9760 сонгогч буюу 74.53 хувь нь саналаа өгчээ.

Жич: Гадаад улсад байгаа сонгогчдын ирцийн дэлгэрэнгүйг хүснэгтээр үзүүлэв.

 

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн