САНАЛ АВАХ БАЙР БЭЛТГЭХ, САНАЛ АВАХ ӨДӨР ХЭРХЭН АЖИЛЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт өнөөдөр (2024.08.22) үдээс хойш зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байр бэлтгэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, хяналтын тооллого хийх, баримт бичиг архивын нэгж хүлээлцэх чиглэлээр үргэлжиллээ.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн саналыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 09.00-20.00 цагт авна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж санал авах байранд очиж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдаж ажиллаж байгаа, зөрчлийн улмаас баривчлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгдөг. Эрүүл мэндийн улмаас санал авах байранд очиж саналаа өгч чадахгүй сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн  харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох  хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэйг анхааруулсан. Улмаар тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн баталсан хуваарь, чиглэлийн дагуу сонгогчийн байгаа газарт очиж саналыг нь авах бөгөөд ажиглагчдыг оролцуулж болохыг мэдээллээд тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийг нягтлах, ажиглагчийг ажиллах боломжоор хангах талаарх арга зүйн зөвлөмжийг Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын АҮТОГ Т.Гүенбаатар өгсөн юм.

Сум, дүүргийн Засаг дарга санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө санал авах байрыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу бэлтгэх үүрэгтэй. Санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камер байрлуулахдаа сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд саад болохгүй байхад анхаарахыг сануулсан. Түүнчлэн хэсгийн хороо санал авах байрны дугаар,  нэр, хаяг, байршил, орчин  тойрны зураглалыг 14 хоногийн  турш нийтэд зарлан мэдээлнэ. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас санал авах байрны байршлыг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр өөрчилбөл сонгогчдод нэн даруй мэдээлэхийг анхаарууллаа. Санал авах байр сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх  боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос  хамааран 2-оос доошгүй санал бэлтгэх бүхээгтэй байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан 1-ээс доошгүй санал  бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ зааварчиллаа.

Сонгуулийн баримт бичиг, архивын нэгж болгох, хүлээлцэх талаарх зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Болор-Эрдэнэ өгөв.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд зориулсан сургалт маргааш (2024.08.23) нэр дэвшигчээс хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авах болон Хүний Эрхийн Үндэсний Комиссын танилцуулгаар үргэлжилнэ.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн