ШИНЭ СОНГОГЧИД “ЗАЛУУ СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БҮТЭЭЛ”-ЭЭР ӨРСӨЛДӨВ

 

         Шинэ үеийн болон гадаад улсад байгаа сонгогчдын боловсролыг дээшлүүлэх бүтээлийн санааг шалгаруулах хакатон хөтөлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 29-30-ны өдөр зохион байгууллаа.

          “Лийд төгсөгчдийн холбоо”-оос Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Шинэ сонгогчийн давлагаа “Gen-V” хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран зохион байгуулсан хакатонд Дархан-Уул, Увс, Дорноговь, Дорнод аймаг болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон 12 дугаар ангийн сурагчид чиглүүлэгч багштайгаа баг болж залуу сонгогчдын боловсролд зориулсан бүтээлээр өрсөлдсөн юм. Увс аймгийн баг гадаад улсад байгаа сонгогчдод зориулсан стори, Дархан-Уул аймгийн баг мөрийн хөтөлбөрийг ойлгомжтойгоор хүргэх комик, Сүхбаатар дүүргийн баг “Ботго сонгогч”-д зориулсан “Болор ботго” пэйж, “Botgo.info” сайтын хөгжүүлэлт, Дорноговь аймгийн баг “Сонгох эрх” комик, мийм, Дорнод аймгийн баг сонгох эрх сэдвийн хүрээнд “Шинсо” комик, видео контентоо танилцуулав.

 

          Сонгуулийн ерөнхий хороо, Лийд төгсөгчдийн холбоо, Канад сан, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний газрын төлөөллөөс бүрдсэн шүүгчид дээрх бүтээлүүдийг залуу сонгогчдод зориулсан, шинэлэг, хүртээмжтэй, хэрэгжүүлж болохуйц зэрэг шалгуур үзүүлэлтээр шүүсэн юм. Шүүгчдийн үнэлгээгээр Дорнод аймгийн багийн “Шинсо” комик, контент тэргүүн байр, Сүхбаатар дүүргийн “Ботго сонгогч”-д зориулсан сайт, пэйжийн хөгжүүлэлт дэд байр эзэллээ. Шалгарсан багууд бүтээлээ хөгжүүлж, олны хүртээл болгоход зохион байгуулагчид дэмжлэг үзүүлэх юм.

       Залуу сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Шинэ сонгогчийн давлагаа” “Gen-V” хөтөлбөрт хамрагдсан бүх багтай хамтран ажиллахаа Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ илэрхийлэв.

          Хоёр өдөр үргэлжилсэн Хакотоны үеэр Сонгуулийн ерөнхий хороо,  “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ, “Лийд төгсөгчдийн холбоо”-ны төлөөлөл, судлаачид сонгуулийн тогтолцоо, Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог, гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх  болон улс төрийн нам, мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн