12 ХЭСЭГТ ЭНЭ САРЫН 19-НД НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг өчигдөр (2024.10.13) 19 аймгийн 70 сумын 79 хэсэгт амжилттай зохион байгууллаа. Өчигдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн 3-11-3 хэсэг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн 10-3-3 хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 11-14-5 хэсэгт тус тус хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул дахин нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Дорнод аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Увс аймгийн Малчин, Ховд аймгийн Буянт сумын сонгуулийн хорооны шийдвэрээр 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 9 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана. Түүнчлэн өчигдөр зохион байгуулсан нэмэлт санал хураалтаар нэр дэвшигчдийн саналын тоо дахин тэнцсэн гурван хэсгийн нэмэлт санал хураалтын 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар Сумын сонгуулийн хороодын тогтоол гарлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнтэй https://report.m-election.mn/ холбоосоор танилцах боломжтой.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн