Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа улс төрийн нам эвслийн ажиглагчдын хяналт доор өнөөдөр (2024.10.10) 09.00 цагаас эхэлж 20.00 цагт дууслаа.
Хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хорооны https://www.e-election.mn/ цахим санд ирүүлсэн урьдчилсан мэдээллээр 18,617 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өглөө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар
-эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
-зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
-Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг.
2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 07.00-20.00 цагт үргэлжилнэ. Сонгогч Таныг саналаа өгөхийг урьж байна.